Хот өргөжин тэлэхийн хэрээр запуусын сэтгэхүй өөрчлөгдөн, дэлхий дахины сайн муу, хэрэгтэй хэрэггүй бүхий л зүйлийг хамж шимэн сонирхох болсон. Үүний нэг нь "графит" юм. Ханан дээр элдэв зүйл зурах (би лав энэ үгтэй санал нийлдэггүй) урлагийг "графит" хэмээн нэрийддэг. Уг урлагийг зарим улс хориглодог бол зарим нь тодорхой талбай гарган өгч тухайн газар зурахыг зөвшөөрдөг байна. Манайд дээрхтэй ижил газар бол "Барс" захаас "Нарантуул" худалдааны төв хүрэх зам дагуу байрлах хашаа, мөн Сансрын тунель билээ. Өөрөөр хэлбэл, тухайн газруудад "графит" зураг зурахыг тодорхой хэмжээнд зөвшөөрдөг гэхэд болно. AUTHORISED GRAFFITI AREA
Харамсалтай нь залуус сүүлийн жилүүдэд дээрх урлагийн мөн чанарыг алдагдуулан орц, байшингийн хана, олон нийтийн газар гээд хаа сайгүй шохой, шүршдэг будаг ашиглан садар самуун зураг, элдэв хараалын үг бичих болсон.(Энийг чинь л вандализм гээд байгаа юм) Дээхэн үед залуус орцонд гитар тоглож суухдаа бие биедээ хайраа илчлэхийн тулд ханан дээр үг бичдэг байсныг бид киноноос мэднэ. Гэхдээ энэ нь тухайн үедээ цадиг замбараатай байжээ. Гэтэл хойч үе болсон залуус хана туурга дээр ямар ч зорилгогүйгээр, бүдүүлэг, ухамсаргүй гэдгээ илтгэх мэт элдэв хараалын үг, садар самуун зураг сараачиж буйн харуусмаар. Заримдаа ахмад настай хүнтэй гудамжаар алхан, шатаар өгсөж явахад өмнөөс санаа зовмоор дүр зураг, үг тодордог.
Залуусын соёлч, боловсон, эх оронч чанарыг амьдарч буй орчноор шинждэг. Гэтэл манай залуус дээрх үзүүлэлтэд "тэг" үнэлгээ авах хэмжээнд байгааг ханан дээр эрээчсэн зураг бэлхэнээ харуулна. Нөгөөтэйгүүр, цэцэрлэг, бага ангийн багачуудын хүмүүжилд дээрх утга авцалдаагүй элдэв зураг, бичиг сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй.
Нийтийн өмч гэж юу болохыг хүүхэд залуус төдийлөн ойлгож ухамсарладаггүй бололтой. Учир нь ханан дээр эрээчсэн зураг тухайн хүндээ таашаал өгдөг хэдий ч байрны оршин суугч, ахмад настанд эвгүй сэтгэдэл төрүүлж, хүүхэд багачуудад буруу үлгэр дууриалал болдог. Түүнчлэн, гадаадын өндөр албан тушаалтан, жуулчид онгоцноос буугаад төрийн ордон болон нийслэлийн төв рүү орж ирдэг. Харин тэд дээрх замыг туулахдаа байшин, хашаан дээр эрээчсэн элдэв зураг, үг хэллэгийг хараад манай улсын талаар ямар сэтгэдэл анх төрдөгийг тааварлашгүй.
Хүн бүр ажлаа тараад гэрийн зүг яарна. Гэтэл орцны үүдээр ороход өмнөөс нь элдэв хараалын үг, садар самуун зураг угтахад бухимдал төрж нэг талаар стресст оруулдаг.
Хамгийн хэцүү нь эрээчиж сараачсан элдэв зургийг арилгах гэж Тохижилт үйлчилгээний компанийн ажилтан, орцны жижүүр, байгууллагын цэвэрлэгч нар "тамаа цайдаг" гэвэл хилсдэхгүй. Ялангуяа, будаг нь хатсан бол тухайн ханыг дахиж засахаас өөр аргагүй. Хүч хөдөлмөр, мөнгө цаас заран зассан хана туурган дээр нь өглөө босоход будгаар "алж тална" хэмээн хэлэхээс ч эмээх үг үсгийг "сийлсэн" байх нь харуусал, уур бухимдлыг нэгэн зэрэг төрүүлсээр байна.
Ер нь нийтийн, хувийн өмч рүү халдаж ханан дээр элдэв зүйл эрээчих нь гэмт хэрэг билээ. Учир нь тэд оршин суугчдын амгалан тайван байдал, хүч хөдөлмөрийг үгүй хийж байгаа юм. Цаашлаад нийслэлийнхээ өнгө төрх, нэр хүндийг унагаж буйн харамсалтай. Ийм хүн эх орондоо хайртай байж таарахгүй. Үнэхээр л залуусын алга нь загатнаад байдаг юм бол зөвшөөрөгдсөн газар, тодорхой ёс зүйтэй зураг, үг хэллэгээ ядарч унатлаа эрээчих боломж бий шүү дээ. Эх орондоо хайртай байх энгийн зүйлээс эхэлдэг. Нэгэнт зурсан зургийг баллаж арилгадаггүй юмаа гэхэд ханан дээр зураас дахиж сараачих хэрэггүй.
Г.Батзориг
Мэдээллийн эх сурвалж: Gogo.mn
0 сэтгэгдэл:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээхдээ Anonymous нэрээр сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсье.. Энэ нь админуудын зүгээс сэтгэгдэлд чинь хариу илгээхэд амар байх болно.