ShoutMix chat widget

Shuud.mn шууд сараачив уу?!

Хэсэг хугацааны өмнө гудамжаар явж байхдаа би замын хажуугийн хашаан дээр “Shuud.mn” гэж будгаар бичсэн байсныг харсан “Ямар хийх завгүй дүрсгүй хүүхдүүд нь ингээд хаа сайгүй дэмий юм бичдэг байнаа гээд нэг их юм бодолгүй өнгөрсөн юм. Дараа нь явж байхдаа түүний хажууд “signal” гэж бичсэн байсныг анзаарсан юм. “Энэ одоо бас ямар учиртай юм бол? Интернетийн долгион, утасгүй сүлжээ энэ тэртэй холбоотой юм болов уу” гэж хачирхасхийгээд бас нэг их зүйл бодолгүй өнгөрсөн. Түүнээс хойш санамсаргүй явж байгаад энд тэндхийн ханан дээр  тийм бичиг сараачсан байхыг хараад энэ зүгээр ч нэг хүүхдүүд гар нь загатнахдаа бичсэн зүйл биш харин зохион байгуулалттай байна гэдгийг ойлгосон. “Shuud.mn signal” гэсэн бичгүүд ихэвчлэн олны хөлийн газар, хашаа, байшин дээр, машин замруу харсан байрлалаар бичигдсэн бөгөөд энэ нь хэрвээ “Shuud.mn”-ыг уншдаг бол, мэддэг бол сигналдаарай гэсэн дохио бололтой.

Гадаадын орнуудад төсөв багатайгаар маркетинг хийхийг “партизаны маркетинг” гэж нэрлэдэг бөгөөд олон янзын хувилбар байдаг. Гэхдээ арай ч ингэж бусдын өмч хөрөнгөн дээр зөвшөөрөлгүйгээр сараачиж, хотын өнгө үзэмжийг гутааж маркетинг хийхийг зөвлөдөггүй бөгөөд ийм маркетингийн компанит ажил өрнүүлэх нь олон нийтэд хандаж үйл ажиллагаа явуулдаг байгууллагын зарчим, ёс зүйд арай нийцэмгүй үйлдэл юм.

Граффитиг манай хүүхэд багачууд урлаг гэдэг талаас нь хүлээж авдаг. Харин граффити анх үүссэн АНУ-д ямар байдлаар, хаана зурагдсан, сараачигдсан байна гэдгээс нь хамаарч урлаг эсвэл олон нийтийн өмчинд халдсан гэмт хэрэг гэж үздэг. 1990-ээд онд Нью-Йорк хотод гэмт хэрэг маш их гардаг байсан. Нэг удаа нийтийн байрны гадаа, үдээс хойш нэг эмэгтэйг дээрэмчид дээрэмдэн хутгалж алсан хэрэг гарсан. Тэр эмэгтэй хутгалуулчаад тэнд 30 гаруй минут цус алдсан бөгөөд дараа нь тусламж авч чадалгүй үхсэн. Хамгийн хачирхалтай бөгөөд харамсалтай нь гэгээн цагаан өдөр, бүхний нүдний өмнө болсон тэр гэмт хэргийг цонхоороо харсан хажуугийн байрны олон арван айлын хүмүүсээс хэн нь ч цагдаа дуудаагүй гэдэг. Нью-Йоркийнхний сэтгэл зүрх ийм цэвдэг болоо юу? Би л дээрэмдүүлээгүй бол бусад нь хамаагүй гэж бодоо юу гэж сэтгүүлчид бичиж, шүүмжилж байв. Ийм цаг үед Нью-Йоркийн метрон дотор болон метроны буудлуудад гэмт хэрэг асар их гардаг байсан бөгөөд метроны вагонууд нь зөвшөөрөлгүй зурсан граффитигаар дүүрсэн байдаг байв. Тэр үед Нью-Йоркийн цагдаагийн газрын даргаар шинэ хүн томилогдож ирсэн. Цагдаагийн шинэ дарга “хагархай цонхны онол” гэсэн үзэл баримтлалыг Нью-Йорк хотод хэрэгжүүлэх хэрэгтэй гэж шийдсэн бөгөөд тэрээр том гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд эхлээд жижиг гэмт хэрэг, нийгмийн зөрчлүүдтэй хатуу тэмцэж, жижиг ч атугай хууль бус зүйл хийж болдоггүй юм байна гэсэн ухамсар төлөвшүүлэхийг хичээсэн. Ийнхүү Нью-Йоркийн цагдаагийн газар хүн хүч дайчлан метроны граффитчидын эсрэг тэмцэл эхлүүлсэн. Тусгай угаагч нарыг эцсийн буудлууд дээр байрлуулан сахилгагүй дэггүйчүүдийн будсан метронуудыг эцсийн буудал дээр угааж, будаж, цэвэрлэж байв. Хэсэг хугацааны дараа үр дүн эхнээсээ гарч эхэлж, метронд гэмт хэрэг багасаж, билетгүй зорчигчдын тоо буурч, Нью-Йоркчийн иргэд цагдаа нартаа итгэж эхэлсэн гэдэг.

Харахад төдийлөн ажиглагдамгүй энгийн юм шиг “Shuud.mn signal” гэсэн энэ үйлдэл ямар сөрөг үр дагавар авчирж болох вэ? Ийм үйлдлийг хэрвээ зөвшөөрөөд байвал хаа сайгүй, юу ч хамаагүй сараачаад байж болдог юм байна гэсэн ойлголт хүүхэд залуучуудад төрүүлнэ. Түүнчлэн хэрвээ бизнесийн байгууллагууд мөнгө төгрөгөө төлж, зохих зөвшөөрөгдсөн газар, орон зайд сурталчилгаагаа байрлуулахын оронд хаа таарсан газраа хана, хашаа, байшин дээр сараачаад байвал юу болох вэ? Маргааш нь хажууд нь байр зарна, машин авна, танилцана гээд сараачсан байвал гайхах зүйлгүй болж, нөгөөдөр нь аль нэг ханан дээр архи пиво, тамхины зураг өнгө алаглуулж зурж болох нь ээ? Энэ асуудлыг хариуцдаг, зохицуулдаг байгууллагууд үүн дээр анхаарал тавьж ажиллаж, зохицуулах байх гэж итгэж байна. Эс бөгөөс нэг л мэдэхэд Сүхбаатарын талбай дээрх Сүх жанжны хөшөө зөвшөөрөлгүй сараачигчдын зарлалын самбар болох вий.

Гаднах ханан дээрээ будгаар сараачуулсан, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн замын урд талд байрладаг “Everyday” дэлгүүрт орж худалдагчдийнх нь сэтгэгдлийг сонслоо:
-    Танай дэлгүүрийн гаднах ханан дээр Shuud.mn гэж будгаар бичсэн байна. Энэ талаар та бүхэн ямар сэтгэгдэлтэй байна вэ? Хэзээ ингэж бичсэн бэ?
-    (нэрээ хэлэхийг хүсээгүй) Худалдагч: 3-4 хоногийн өмнө будаг цацаж бичсэн байсан. Яалаа гэж сайхан сэтгэгдэлтэй байхав дээ. Хүний байшин дээр дураараа ингэж будаг цацаж, эрээчиж болж байгаа юм уу?
-    Танайхаас зөвшөөрөл аваагүй юу?
-    Үгүй. Ямар ч зөвшөөрөл аваагүй. Нэг өглөө ирсэн чинь ийм болчихсон байсан. Манай менежер энийг хараад их уурлаж байсан... гэж ярьж байв.

Улаанбаатар хотод өөр олон газар ингэж сараачсан байсан гэж зарим хүмүүс байршлыг нь хэлж байлаа. Хотыг бүхэлд нь тойролгүй зөвхөн хотын төв гудамжаар явахад олон газар ханан дээр будгаар сараачсан байсантай таарсан. Баянзүрхийн Норжин дэлгүүрээс баруун тийш явахад замын хажуугийн хашаан дээр, 13-р хорооллын буудал дээр, буудлын хажуугийн “Snooker Club”-ын гадна, баруун дөрвөн замын буудал дээр, Арслантай гүүрний баруун урд талд, “Everyday” дэлгүүр, Сүхбаатарын талбайн урд замын урд талын  хашаан дээр, 3-р хорооллын Ахуйн үйлчилгээний төвийн байшингийн ханан дээр, Ачлал худалдааны төвийн урд талын зогсоолын ханан дээр сараачсан байв.

Монголчууд амтай гээд ангалзаад байж болохгүй гэж ярьдаг. Будаач будаач гэхээр сахлаа будав гэж сануулдаг. Зөвшөөрөлгүйгээр, бусдыг бухимдуулан, хотын өнгө үзэмжийг гутаан хаа сайгүй хана, туурга, байшин барилга дээр шууд сараачих замаар маркетингийн сурталчилгааны компанит ажлаа явуулж болохгүй гэдгийг “Shuud.mn”- д сануулах нь зүйтэй бололтой.


Т.Бадрах
Мэдээллийн эх сурвалж: News.mn

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхдээ Anonymous нэрээр сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсье.. Энэ нь админуудын зүгээс сэтгэгдэлд чинь хариу илгээхэд амар байх болно.

Mark Echo's Getting Up Guide